Эх сурвалж-www.baabar.mn

Нийтлэл

Б.Батбаяр

 

Барон Роберт

1916 онд Хятадын анхны Ерөнхийлөгч Юань Шикай үхснээр тэртээ тэргүй тогтворгүй байсан улс орны байдал эрс муудан замбараагүйтэж засгийн эрхийн төлөөх иргэний дайн туйлдаа хүрэв. Өмнөд Хятад Сун Ятсэний гоминданы гарт байсан бол Манжуурт Жан Золин эрх мэдлээ бүрэн тогтоосон байв. Нийслэл Бээжинг Анхуй болон Жилин бүлгийнхэн булаацалдан ээлжлэн эзлэнэ. Эд хамгийн том бүлэглэлүүд. Ер нь нийтдээ хэдэн зуун бие даасан бүлэг хоорондоо байлдаж байсан гэдэг.

    Анхуй бүлгийнхэн Бээжинд ноёрхлоо тогтоосны дараа нэр хүндээ өсгөж, олны анхаарлыг татахын тулд генерал Сю Шүжанг Хойд хил хариуцсан даргаар тавиад Гадаад Монгол руу илгээжээ. Ингэж түүхэнд “бяцхан Сю” нэрээр үлдсэн энэ амбицитай эр 6-10 орчим мянган цэрэг дагуулан Хүрээнд орж ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа төлөөлөгч Чэнь Иг хэтэрхий зөөлөн байж монголчуудтай нялуурлаа хэмээн огцруулж өөрөө гардан 1915 оны гурван улсын гэрээг хүчингүй болгон, ёслол үйлдэн байж Монголын автономыг устгаж зэвсэг сэлтийг нь хураан авчээ. Харийн булаан эзлэгчид Монгол орныг эзэрхийлж төрийг нь үгүй болгожээ.

    Богд хаан тэргүүтэй феодалууд яах ухаанаа олохоо байн сандралдаж түрэмгийлэгчдийн эсрэг доороос гарсан санал болгоныг дэмжин бужигнав. Хаалганд суух Америкийн консул, Бээжин дахь элчин сайдын яам руу тусламж гуйн хүн илгээв. Япон руу ч элч зарсан бололтой. Омскт төвлөрч байсан Колчакийн Цагаан Оросын засагт ч хандсан байна.

    Түүхэнд хожим хамгийн шуугиантай домог болон (үнэндээ ихэд гуйвсан) үлдсэн явдал нь Алс Дорнодын бүгд найрамдах улс буюу Зөвлөлт Оросоос тусламж гуйлгахаар 7 хүн илгээсэн хэрэг байдаг. Аль нь ч хэрэг болж магадгүй гээд Ардын намын тамгатай нэг бичиг, Богд хааны тамгатай нэг бичиг тус тус үйлдэн тэдэнд өвөртлүүлээд мордуулжээ.

    Монголын төлөөлөгчдийн хүслийг улаан оросууд хүлээж авахаас татгалзсан юм. Данзан Ленинтэй хүртэл уулзсан боловч цаадах нь баян хятадуудтай тэмцэж ядуу хятадуудтай нийлэх хэрэгтэй гэсэн марзан зөвлөлгөө өгчээ. Үүгээр нь далимдуулаад Монголд улаан хувьсгал хийе гэсэн зарим хөөргөн большевикуудын санал дээшээ очоод дэмжигдсэнгүй. Большевикууд олон хуваагдаж талцсан хятадуудтай сайдах хүсэлтэй байсан болохоор Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудал тэдэнд хэтэрхий инээдтэй хэрэг байлаа. Ийнхүү Монголын тусгаар тогтнолыг улаан Орос ч, цагаан Орос ч, Америк ч, Япон ч тоож үзсэнгүй. Монгол хаягдлаа.

    Түүх заримдаа санаандгүй үйл явдлаар дүүрэн байдаг. Тоох нь байтугай байдаг эсэхийг нь мэдэхгүй нэг хийрхүү нөхөр Монгол улсын тусгаар тогтнолыг эргүүлж сэргээнэ гэж хэн бодох билээ. Байгаль нуур орчмоор улаантантай тулалдаж явсан атаман Семёновын цэрэгт саяхан шоронгоос суллагдсан барон хэргэмтэй Роман Унгерн фон Штэрнбэрг гэгч сайн байлдсан тул генерал цолоор шагнуулжээ. Тэрээр хэний ч зөвшөөрөлгүйгээр хэдхэн зуун цэрэг дагуулаад хорин оны намар гэнэтхэн Монгол руу орж ирлээ.    Зорилго нь Монгол нутгаас хятадын түрэмгийлэгчдийг хөөн гаргаж Богдыг эргүүлж хаан ширээнд нь залах. Жаахан хийтэй, аугаа ихийн солиоролтой нөхөр. 1912 онд Ховдыг чөлөөлөх дайнд орох гэж ганцаараа өртөөгөөр давхиж ирээд консулдаа баригдан эргэж хөөгдөж явсан нэгэн. Манж, Монгол, Хятад гурвын хааныг тус бүрийг нь эргүүлж хаан ширээнд нь зална гэж байнга ярьж явна. Тэрэндээ бүр үнэмшээд манжийн гүнжийг авч суусан байдаг.

    Хүрээнд 10 орчим мянган гамин байжээ. Унгерн ердөө мянга хүрэхгүй цэргээр довтолж баахан сандаргаж байгаад аргагүй ухарсан байна. Уу булан хавиар өвөлжихдөө эх орноо хятадуудаас чөлөөлөх гэсэн монгол феодлуудын дэмжлэгийг ихээр хүртэн хүнс, зэвсэг цэрэг цуухаар хүчээ сайн сэлбэж авсан байна. Хятадууд сандран Богдыг шоронд хийсэн байсныг цэргийн анги явуулан оргуулж дөнгөв. Ингээд хоёр мянга орчим цэрэгтэй болж аваад 1921 оны цагаан сарын өмнөхөн Хүрээ рүү довтлон гамингуудыг хөөн даржээ. Чойрын зүг зугтаасан генерал Го Сүнлингийн цэргийг нэхэн хиаруулсан аж. Хиагт руу дутаасан генерал Чү Лизений 5-6 мянган цэрэгтэй гол хүчийг нь ч нэхэн ядах юмгүй даран сөнөөв.

Хүрээнд Богдыг хаан ширээнд эгүүлэн залах ажиллагааг сүр дуулиантай ёслон тэмдэглэлээ. Богд хаан ч манзшир хутагт Цэрэндоржоор толгойлуулсан шинэ засгийн газраа байгуулж таван яамаа сэргээсэн юм.  Анх удаа мөнгөн тэмдэгт гаргасныг нь түүхэнд “бароны болзоот”  гэж нэрлэдэг. Тэр байтугай Хүрээг чөлөөлсний төлөө хэмээх медаль буй болгон шагнаж байсан нь эдүгээ цуглуулагчдын дунд үнэт эрдэнэ. Дээлэн дээр мөрдэс хадан гадуур нь хантааз өмссөн зураг үлдсэн байдаг нь бароны нэвтрүүлсэн тухайн үеийн Монголын армийн дүрэмт хувцас байлаа. Монголд орж ирээд ердөө 10 хүрэхгүй сар болохдоо тэрээр нэг хүний амжимгүй их ажил хийсэн. Хошой чин ван барон Унгерн фон Штэрнбэрг бол зөвхөн чөлөөлөгч төдийгүй шинэ Монголын байгуулагч, түүний тусгаар тогтнолыг цааш цаашид нь хадгалах эхний сэдлийг тавигч байлаа. Бароны энэ явдал болоогүй байсан бол өнөөгийн тусгаар тогтносон Монгол улсын хувь заяа шал өөрөөр эргэх магадлал тун өндөр байсан юм шүү.

Хүрээг Унгерн чөлөөлсний дараа харин улаан оросууд Монгол руу цэргээ оруулах сонирхолтой боллоо. Оросоос эргэж ирсэн Бодоо “Хүрээний нөхдийн захиадал” бичиж нэгэнт гаминг хөөсөн учраас Хиагтад байгаа нөхдөө даруй эргэж ирэхийг уриалж байв. Харин большевикууд Монгол руу цэрэг оруулах зөвшөөрлийг Бээжингээс гуйж, хятадуудад ямар ч хор хүргэхгүй, зөвхөн Унгернийг хөөж явуулна гэж амалж байлаа. Түүний зэрэгцээ улаан цэргийг Монгол руу урьж оруулахын тулд орогнолын Түр засгийн газар гэдгийг хүртэл байгуулж. Ингээд улаантнууд Хятад Монгол хоюуланд нь зориулсан жүжиг тоглолоо. Хятадыг хөөхгүй л юм бол улаантныг өөрийн нутаг руу оруулах хэрэг монголчуудад байхгүй. Харин амбан Чэнь И мань баронд цохиулаад хилийн Хиагт боомт дээр 1500 цэргийн хамт ирчихсэн улаантнаас тусламж гуйгаад сууж байлаа. Оросын хилийн Троицкосавск тосгонд большевикууд гамин цэргийг өөрийн нутагт оруулан Читээр дамжуулан нутаг буцаах хэлэлцээ хийнэ. Үүний зэрэгцээ Хиагтад байгаа гаминг хөөхөд нь монголчуудад туслахаар зэвсэглэсэн төдийгүй хүч нэмж орос цэрэгт монгол дээл өмсгөн оролцуулах болов. Ингэж найрсны хүчинд Хятад, Монгол хоёрын хоюулангийнх нь “хүсэлтээр” улаан цэрэг орж ирсэн юм. Тэд үнэхээр амалсан ёсоороо хятадуудыг яагаа ч үгүй, гар ч хүрээгүй, харин Монголыг чөлөөлж тусгаар тогтнолыг нь олж өгсөн бароны орос, монгол, буриад, төвд, япон цэргээс бүрдсэн олон улсын нэгтгэлийг хүйс тэмтэрсэн юм. Бароныг  Сундуй гүн гэгч урвагч баривчлан улаантнуудад тушаажээ. Барьж өгсөн хүнтэйгээ хамт улааны шоронд хоригдсон гэдэг.

Намар нь Унгернийг Новониколаевскт цаазлахад Богд хааны зарлигаар чөлөөлөгч бароныг хүндэтгэн Монголын бүх хийд нэгэн зэрэг хойдохыг нь уншсан гэдэг. Үүнээс хойш түүх эргэсэн. Бароны цэрэгт хүчин зүтгэж эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн амь хайргүй явсан эрэлхэг хөвүүд буруудлаа. Тэдний хэдэн үеийн үр удам нь бароны цэрэгт явсан аав, ах, өвөөтэй хэргээр олон жил хэлмэгдэж, олонхи нь 37 онд буудуулсан юм. Түүхийг тэр чигээр нь засаж өөрчилсний илрэл нь Ташкентэд хийсэн “Сүхбаатар” кино билээ. Данзангийн бие хамгаалагч асан Сүхбаатар, Бодоогийн бие хамгаалагч асан Чойбалсан нар Монголыг гамингаас чөлөөлсөн болж хувирав.

Зуун жилийн турш монголчууд өөрийг нь чөлөөлж, өнөөгийн тусгаар улсынх нь анхны загвар эхийг гаргаж өгсөн тэр хүнийг биенээсээ өрсөн харааж гутааж гүжирдсээр ирлээ. Тэрээр олон хятад, жүүд, коммунистуудыг устгасан нь үнэн л дээ. Тиймдээ ч түүхэнд “цуст барон” гэж нэрлэгддэг, гэхдээ монголоор сайн ярьдаг, буддын шашинтай Унгерн монгол хүн алж байгаагүй, харин ч маш дотно ханддаг байв. Түүний үед байсан албан ёсны Засгийн газрыг одоо хэр нь монголчууд хүлээн зөвшөөрдөггүй. Ерөнхий сайд манзшир хутагтыг түүхээс хасаж тоолдог, хожим буудан хороосон. Баруун зүгийг тохинуулах сайд Хатанбаатар Магсаржавын сайд байсан үеийг нуудаг, ГЯЯ-ы сайд Дашзэгвэ, Сангийн сайд Лувсанцэрэн, Шүүх яамны сайд Чимиддорж нарын нэрийг түүхээс “элдэн хөөжээ”. Барон Унгерн фон Штэрнбэрг гэгч энэ эртний угсаат язгууртны нэр үе үеийн монгол зохиолч, найруулагч зэрэг урлагийнхны харааж гутаан шагнал олох хэрэгслэл төдий болсон байна. Түүхчдийн тухай энд яриад ч илүүц биз дээ. Увайгүй, жудаггүй, ач санадаггүй өөдгүй хүмүүс хэмээн хожим оросын цагаач түүхч монголчуудын тухай дүгнэн хэлсэн байдаг.

Монголчууд 1990 онд жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо олж бүрэн бие даасан орон болсон. Зөвлөлтүүд хориод бусадтай хамтруулдаггүй байсан Тавантолгой мэтийн орд газрыг ашиглахаар засаг төрөөс хөөцөлдөн яваагүй газар, гуйгаагүй хүн гэж үгүй. Зөвхөн 1990-2000 оны хооронд “төрийн гурван өндөрлөг” гэгчээс 200 гаруй удаа Монголд хөрөнгө оруулалт хийхийг албан ёсоор гуйж энд тэнд үг хэлсэн байдаг. Гэвч дэлхийн зах зээл гэгч тийм амар эд биш аж. BP, BHP, Anglogold гээд аварга компаниуд орж ирэн жаал шиншилж үнэрлэж үзсэнээ л эргээд гараад явчихана. Улс оронд мөнгө хэрэгтэй, зарж болох ганц юм нь ашигт малтмал, гэтэл тэрийг нь хүн тоодоггүй. Хууль гаргаж хөнгөлөлт үзүүлнэ гэж амлаад ч нэмэр байдаггүй. Дэд бүтэц байхгүй учраас гол баялаг нүүрс тоогдохгүй, алмааз, газрын ховор элемент мэт ашигтай орд байхгүй, зэсийн олигтой орд олдоогүй болохоор далайгаас хэдэн мянган км алслагдсан энэ мухрын орон сонирхол татахгүй байлаа.   

Энэ хаягдмал орон руу Канадын бизнесмэн Робэрт Фридланд гэгч бас л жаахан хөөргөндүү эр азаа сорихоор ирсэн, энэ бол факт. Тэрээр BHP хэмээх дэлхийн хамгийн том компаний хайгуул хийгээд юу ч ололгүй хаяад явчихсан Оюутолгой гэгч газрын хайгуулын эрхийг авч эрсдэл гарган тэрбум шахам доллар зарцуулсан, энэ бас факт. Хэрэв юу ч олохгүй бол тэгээд л тэр чигээрээ дампуурах байсан ч аз ивээж Монголын говиос дэлхийн хамгийн том зэсийн орд олсон, энэ бас факт. Фридландыг гэхээсээ монголчуудыг аз бүр ч илүүтэй гийсэн. Индонезийн төстэй ордыг олохын тулд геологичид дээгүүр нь 30 жил хайгуул хийсэн гэдэг. Ийм эрсдэлтэй алхмыг галзуудуу л хүн хийнэ. Оюутолгойг олоогүй бол, хэрэв Фридланд хүн үнэмшмээргүй зоригтой эрсдэл хийгээгүй бол - Монгол орон өнөөдөр хэний ч сонирхол татахгүй хаягдмал орон хэвээрээ үлдэх байсан. Энэ бас хөдөлгөөнгүй үнэн.

Нэгэнт оруулсан их хөрөнгөө дампууруулчихгүйн тулд Фридланд Монголыг хүн үнэмшимгүй сайнаар дэлхийгээр нэг суртчилж явна. Монголд авилга огт байхгүй гэж улайм цайм худлаа нааж, хууль нь найдвартай, шүүх нь яс, засгийн газар нь хэлсэндээ, их хурал нь мундаг, гишүүд нь шудрага гэх мэт. Өөрийгөө бодсон энэ суртчилгаа нь Өрнийн компаниудад Монгол руу хөрөнгө оруулах сонирхлыг нь унагачилгүй авч яваа төдийгүй мэдэхгүй нэгийг нь нааш нь татаад л байгаа юм даа. Энэ бол бас л факт.

ХХI зууны шинэ Монгол босч ирэх гол учгийн нэгийг бүтээсэн хүний нэг бол Робэрт мөн. Аль нэг газар “хорт Боб” гэгдэж л байгаа биз, монголчуудад бол ямар ч муу юм хийгээгүй, харин тус болсон, энэ бол үгүйсгэшгүй үнэн. Тэрэн шиг олз олох гэж эрсдэл хийхээс айдаггүй сийрэг бизнес эрхлэгчид өнөөгийн ертөнцийн хөгжлийг авчирсан юм, энэ бол үнэн түүх. Харин Монголд түүний нэрийг хараалын орноос хэрэглэдэг. Түүнийг муулах нь эх орончоо харуулах нэгэн том далим. Түүнтэй холбогдсон, ярилцсан, өөдөөс нь харж инээвхийлсэн хэнийг ч ардын дайснаар тодруулж өөрийн эх орончийг харуулах нь манай үеийнхний шагналд хүрэх нэгэн шат дамжлага юмаа даа

 

 

 

Д.Жаргалсайхан эдийн засагч,

банк, санхүү болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн

 

Монгол 2030

Монгол Улс байгалийн баялаг, түүний дотор уул уурхайн ашигт малтмалаар онцгой баян орны нэг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэллээ. Нөгөө талаас бид уул уурхайн орлогоос хамаардаг болчихвол эдийн засаг нь “Голланд өвчин” тусаж магадгүй гэдгийг ярьсаар өнөөг хүргэлээ.

Төр засгийн байдлыг харахад ямар ч үнэ, хэлбэрээр хамаагүй бэлэн мөнгө олж тараан, дахин сонгогдохын төлөө улангасан дайрахаас цаашхыг бодохгүй янзтай. Гэтэл амьдрал, аз жаргалаа сонгуулийн дөрвөн жилээр биш, өөрийн болон үр хүүхдийнхээ амьдрал, тэдний удам угсааны олон үеэр хэмждэг жирийн иргэд бидэнд эх орноо 20 жилийн дараа ямар байхыг ганц хором ч гэсэн төсөөлөн бодох шаардлага гардаг.

Бидэнд хөгжлийнхөө хаахна нь яваа, ер нь хаашаа явж байгаа талаар тодорхой дүр зураг байхгүй бол бүх зам зөв мэт санагддаг.  Дарга нарын улсынхаа хөгжлийг мянган жилээр хэмжин гаргасан зорилтоос бидэнд яг юу нь тархинд хадгалагдан үлдсэн билээ? Та хувь хүний хувьд өөрийн амьдралын юуг нь ямар зорилттой нь холбон төсөөлж байна?


Төрж, гэрлэж, олон хүүхэд гаргаж, тэгсэн хэрнээ ядуу байвал бэлэн мөнгө авч, хоногийн хоолоо аргацаах боломж бүрдэнэ, ажил төрөл хайх хэрэггүй, олдох ч үгүй, тиймээс архиар сэтгэлээ хуураад явж болно гэсээр хэчнээн үеэрээ өлөн зэлмүүн амьдрах гэж. Монголчууд бидний тэн хагас нь ийм байдлаар амьдарч байгаа ч, бидний ирээдүй өөр байх ёстой.

Хүн ард нь элбэг сайхан амьдарч байгаа, визийг нь олж авахад хэцүү байдаг өндөр хөгжсөн улс орон бүр тэртээ нэгэн цагт өөрсдийн зорилгоо тодорхойлон гаргаж байжээ. Түүгээр ч барахгүй иргэн бүр нь өөрийн зорилгоо олон жилийн өмнө тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, төр засаг нь иргэд, бизнесийн үйл ажиллагааны суурь зарчмыг нь баталгаажуулж, эрх чөлөө, хөрөнгийг нь хамгаалж, үндэснийхээ хөрөнгө, бололцоогоо өгөөжтэй ашиглаж ирсний дүнд тэд хөгжлийнхөө өнөөгийн төвшинд хүрсэн.


Тэгвэл Монгол Улс 2030 он гэхэд ямар дүр төрхтэй байх бол?

Хорин жилийн дараа бид олон улсын дээд боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн үйлчилгээний төв, агаарын тээврийн гол зангилаа болж чадна. Энэ бүхэн та бидний хүсэл эрмэлзэл аль зэрэг тодорхой, хөдөлмөрийн бүтээмж ямар төвшинд, төр засаглал хэр тунгалаг байхаас л хамаарна.

Тодорхой зорилготой бол бид уул уурхайн салбараас олох асар их орлогоо төвлөрүүлэн, өгөөжтэй, ухаантай зарцуулах түүхэн боломж ирж байна. Дээрх үйлчилгээний салбаруудыг дэлхийн тэргүүний стандартын төвшинд хөгжүүлж чадвал зах зээлийн хэрэгцээ дэлхийгээр дүүрэн байна

.

Хэрэв манайд дэлхийн хамгийн сайн их, дээд сургуулиудын салбарыг байгуулчихвал Ази тив, Оросын дорнод нутгийн залуу үе зорин ирж, мөнгөө төлөөд сурах болно. Америк, Европоос ч ирж сурахад хямдхан байна. Эмнэлэг, банкны үйлчилгээ бас адилхан. Агаарын зорчигч болон ачаа тээврийн боломж бүр илүү бодитой. (www.djargal.bblog.mn-д орж “Агаарын тээвэр” нийтлэлийг үзнэ үү)


Салбарыг нь байгуулахын тулд шаардлагатай “хатуу” дэд бүтцийг хамгийн сүүлийн үеийн зураг төсөл, стандартаар барьж байгуулаад “зөөлөн” дэд бүтцийг нь буюу  know-how-г тэр алдартай сургуулиудын багш, менежмэнт ээлжлэн ирж ажиллах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар шийдэж болно.

  Тэдний үйл ажиллагааны стандартыг зөвшөөрөх, хүний нөөцийн бүтэц бүрэлдэхүүний тухай хатуу хязгаар шахалт тавихгүйгээр, бүх талаараа тухайн улсад нь очсоноос ялгаагүй байхаар бодож хууль зүйн болон эдийн засгийн орчныг бүрдүүлэх замаар үйлчилгээг төлөвшүүлэх тухай энд ярьж байгаа юм. 

 Богд уулын аль нэг аманд жишээ нь “Yale Ulaanbaatar College Campus” байж болохгүй гэж үү. Хятадад барууны хэд хэдэн сургууль салбараа нээсэн боловч үзэл суртлын зөрчилдөөн, түүний дотор хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтын улмаас бэрхшээл учирч байгаа. 

Эмнэлэг, банкны үйлчилгээний хувьд ч сургуультай төстэй аргаар хэрэгжүүлж болно.


Монголчууд бид том зорилго тавьж, томоор бодож ажиллахын оронд, өнөө маргаашаа аргацаах байдлаар амьдарч, зарим тохиолдолд бүр ямар ч зорилгогүй байгаад л манай хөгжлийн бэрхшээлийн бас нэг гол асуудал байгаа юм. Бидэнд энэ бүхнийг бүтээн байгуулах бүх боломж, даяаршсан хавтгай ертөнцийн хязгааргүй бололцоо, эрх чөлөө, ухаантай залуу үе байгаа шүү дээ.

Бид мэдлэгт тулгуурласан эдийн засгийг бий болгож байж л хүчирхэг Монголыг сэргээн мандуулж, 800 жилийн өмнөх шигээ ухаалаг, чадвартай гэдгээ дэлхийд дахин нэг харуулан, гайхуулж чадна.

Сэтгэгдэл

Date: 16/03/2011

By: erka

Subject: kkkk

dajku yum bna

Date: 16/03/2011

By: erka

Subject: Re: kkkk

byambaa gantsaardaliin chin mp3 bhku yu olkuma bux site-aas

Date: 18/03/2010

By: bilegt

Subject: goy

unshhad iludku l yum bn baabar thd yer n hyatadad elegtei gj yaridiim blee hen mdhv dhd goy niitlel taviarai byambaa

Date: 12/02/2010

By: ий

Subject: ий

энэ хэнд хэрэгтэйн шал дэмий нийтлэл гэнүү устгаач. опозит шмг гүё гоё хайнга юм хийгээч хипхоп.Тэр ёогo өгзөгтөй мэдээ чнь гоё байналээ тийм л юм хийлдээ хүүё бямбааааа!!!!!!!

Date: 17/02/2010

By: ukiko

Subject: Re: ий

chi tegwel ter ugzugniixuu tuxai xaana baina teriigee l unshij, vzej bai ldaa andaa. sulraltai ymuu chi. tiim bol chamd bolon cham shig xvmvvst zoriuulaad gargasan zunduu site bdgii shd.redtube.com entr geel. haha. oyunii xomsdloosoo bolod chi niigmeese 100 jileer xotsorchee

Date: 22/02/2010

By: ex Taman

Subject: Re: ий

cham shig iim ergui um yarjaga pizda opozitiig oilgoj sonshuu?

Date: 28/02/2010

By: wtf

Subject: Re: Re: ий

xaxa tegeed opozit gedgii n bogs boov yarisan hvmvvs sonsdog ym bn gesen vgvv?

Date: 05/02/2010

By: erik

Subject: unenshd

ene Jargalsaihan gej huniig bi hundeldeg ym .ih zov ym yaridag hun deee .

New comment